“Жендэр ба хөгжил” үндэсний чуулган болно

2018-01-29 16:20   Уншсан тоо: 172

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Жендэр ба хөгжил” үндэсний чуулганыг  2018 оны 2 дугаар сарын 1-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна.

Чуулганаар жендэрийн талаарх олон улсын чиг хандлага, төрөөс жендэрийн талаар баримталж буй бодлогыг танилцуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд төр, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, салбар, орон нутаг, байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэх юм.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг болон салбаруудын дэд сайд,  яамдын ТНБД нарын түвшинд оролцоно. Мөн үндэсний чуулганы үйл ажиллагаанд 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, хороод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.

 “Жендэр ба хөгжил” үндэсний чуулганаас:

  • Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг арилгах, мэдлэг хандлагыг дээшлүүлэх,
  • Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлэх,
  • Чуулганаас гарсан зөвлөмжийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар үүрэг хүлээгчдэд хүргэх зэрэг үр дүнгүүдийг хүлээж байна.