Тэтгэвэр нэмэхээр боллоо

2018-01-19 19:44   Уншсан тоо: 974

        Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын нэгний өдрөөс эхлэн 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоолоо. Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг юм.

       Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна. Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.

       Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж заасан. Уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ХНХЯ-наас энэ оноос тэтгэвэр нэмэхэд зориулж Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуульд тус тус нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан 119.5  тэрбум төгрөг тусгуулсан юм. Ийнхүү ХНХЯ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ахмадууддаа өгсөн амлалтаа ажил хэрэг болгосоор байна.