Нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хэсэг энэ сарын 20-нд дүгнэлтээ танилцуулна

2018-01-17 16:33   Уншсан тоо: 422

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны энэ оны анхны хуралдаанаар хөдөлмөр, нийгмийн чиглэлээр үндэсний болон орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа хороо, зөвлөлийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийн хүрээнд өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас нэмсэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан эдийн засаг, нийгмийн нөлөөллийн үнэлгээ судалгаа хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах” талаарх асуудлыг хэлэлцсэн.

Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос тэнцүү тооны төлөөлөл багтдаг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны зүгээс тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн нь улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцаад Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрт заасны дагуу  өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нэмсэн, нийгмийн даатгалын шимтгэлийн болон хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь хүн амын амьдрал, эдийн засгийн байдал, хөдөлмөрийн зах зээлд ямар нөлөө үзүүлж буйг судалж нөлөөллийн үнэлгээ хийн, санал боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг байгуулсан. Засгийн газар, үйлдвэрчин, ажил олгогчдын төлөөллөөс бүрдсэн уг ажлын хэсгийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж даргаар нь ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул, дэд даргаар МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг нарыг томилсон юм. Үндэсний хорооны хурлаас уг ажлын хэсгийг шуурхай ажиллаж нөлөөллийн үнэлгээний дүгнэлтээ энэ сарын 20 гэхэд гаргаж танилцуулахыг даалгасан.