С.Чинзориг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үр дүн бодитой байх ёстой

2018-01-11 19:32   Уншсан тоо: 527

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр Дэлхийн банкны төлөөллийг хүлээж авч уулзлаа. Уулзалтанд Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон Дэлхийн банк группийн нийгмийн хамгаалал хөдөлмөрийн салбарын менежер Филип О'Кийф, ахлах эдийн засагч Жозефина Посадас, Ахим Шчмилэн, ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг нар оролцож Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн талаар ярилцсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-аас дээш хувиар бууруулах зорилт туссан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааг сайжруулж хөтөлбөр, төсөл, үйлчилгээ, арга хэмжээний үр дүнг нэмэгдүүлж, тавих хяналтыг сайжруулан иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чадамж бий болгох шаардлагатай байгаа. Гэвч гадаад ажиллах хүчний ажлын байрны төлбөрийн орлогоос санхүүждэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого буурч буй нь дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд хязгаарлалт үүсгэсэн өнөөгийн нөхцөлд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” тун ач холбогдолтой. Хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий үйл ажиллагааг сайжруулах уг төслийн хүрээнд дэмжихээр сонгосон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд нь ажил олоход хүндрэлтэй иргэд, 18-34 насны залуучууд, ядуу өрхийн болон зорилтот бүлгийнхэнд чиглэх юм.

Дэлхийн банкныхан С.Чинзориг сайдад төслийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулж, Төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулах, Төслийг удирдах хороог нэн даруй бүрдүүлэхэд анхаарч, Төслийн үйл ажиллагааны гарын авлага боловсруулах, туршилтын хөтөлбөр боловсруулж, батлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг яаралтай эхлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдаад “Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт тул Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх төслийг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь төслийн үр дүнг хүртэх ёстой хүмүүст нь бодитоор хүргэхэд анхаарах нь чухал. Тиймээс Засгийн газар, ХНХЯ-тай холбоотой аливаа асуудлыг цаг алдахгүй шуурхай шийдвэрлэн бүхий л талаар дэмжиж ажиллах болно” хэмээгээд яамны зүгээс төсөлтэй холбоотой асуудлыг хариуцаж буй хүмүүст ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр эдийн засаг хямралтай байгаа үед томоохон үйлдвэр байгуулж ажлын байрыг олноор бий болгох боломж хомс тул ур чадварыг дэмжсэн, зохион байгуулалттай ажлын байр бий болгох, гарааны бизнесийг дэмжих замаар богино хугацаанд үр дүнгээ бодитоор өгөх хөтөлбөр, үйл ажиллагааг явуулах нь чухал гэдгийг ч онцолсон.

Уулзалтаар мөн нийгмийн даатгал, халамжийн бодлогод хийх шинэчлэлийн асуудлыг хөндөж ярилцсан бөгөөд С.Чинзориг сайд ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд зарим нэг нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч эргэж харах, засч залруулах зүйл цөөнгүй байгааг хэлээд орлого багатай нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах бодлогыг муу тусгаснаас ядуурал нэмэгдэж байх талтай, мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхдээ хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг бусадтай адилтган нэмсэн нь зөв шийдвэр болоогүй, тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлэхдээ журмын тухай хууль гаргаагүйгээс нэг онд төрсөн хүмүүс хоёр өөр хугацаанд тэтгэвэрт гарахаар болж байгаа зэргээр засч залрруулах ёстйо гэж үзэж буй асуудлуудынхаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.