ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярт оролцлоо

2017-10-04 13:37   Уншсан тоо: 204

Олон улсын багш нарын баяр, Монголын багш нарын 51 дэх жилийн ойн баярын өдрийг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нар өнөөдөр /2017.10.04/ Улсын драмын эрдмийн театрт тэмдэглэн өнгөрүүлж, баярын хурлаа хийлээ.

Уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг болон албаны бусад хүмүүс оролцож мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нартаа баярын мэнд дэвшүүллээ. Тус баярын хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг хэлсэн үгэндээ Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хамтран ажиллаж байгаа Та бүхэндээ болон Та нараар дамжуулан энэ салбарт ажиллаж буй 2500 гаруй багш нартаа Олон улсын багш нарын баярын мэндийг дэвшүүлье. Сургалт-үйлдвэрлэл, түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн суурь зарчмыг боловсролын чанар үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэх зорилгод зарим ахиц гарч байна. Төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын шинэлэг санаачлагын талаар дурдахад таатай байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн МСҮТ-ийн багш, суралцагчдын дунд бүлэг, хоршоо байгуулан ажиллаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд гарган борлуулсан, Баянхонгор аймаг дахь Өлзийт МСҮТ-ийн Голланд бяслаг, сүү цагаан идээний үйлдвэрлэл, түүнчлэн Төв аймгийн Батсүмбэр суман дахь Майнд сэт МСҮТ-ийн дэргэд Старт-Ап төвийг шинээр нээн ажиллуулж эхэлсэн нь залуучуудыг дэмжсэн, хөдөлмөрийн зах зээлтэй холбосон ач холбогдолтой болсон зэрэг олон олон туршлага, санаачлага гарч байна. Яг энэ өдрүүдэд Аравын нэгдсэн Эмират улсын  Абу-Даби хотноо болох “Дэлхийн ур чадвар” олон улсын мэргэжлийн ур чадварын тэмцээнд гагнуурчин, барилгын цахилгаанчин, модон эдлэлийн мужаан, сантехникч, тогооч, барилгын өрөг угсрагч зургаан мэргэжлээр оролцохоор багш, суралцагчид бэлтгэлээ хангаад байна. Энэ дашрамд улс орноо, мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг төлөөлөн оролцож буй оролцогчиддоо амжилт хүсье. Орчин цагийн техник технологи, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлж алхах сэтгэлгээний болоод оюуны хаттай, мэргэшсэн, төлөвшсөн мэргэжилтэй ажилтан бэлтгэж үр дүнд хүрч буйн илрэл эдгээр үндэсний болон олон улсын ур чадварын тэмцээн, түүнд гаргаж буй амжилтууд болж байна.

Эцэст нь Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийн хүндийг үүрч  буй багш ажилтануудад илүү ихийг олгодог цалин, урамшууллын оновчтой механизмийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тиймээс сургалтын орц, үйл явцыг чухалчлахаас илүүтэй үр дүн, чадамжийг гол болгосон боловсрол, сургалтад илүү ач холбогдол өгч, ихийг санаачилж, тууштай ажлаарай гэдгийг дахин хэлмээр байна гэлээ.

Монгол Улсад мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 90 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус салбарт нийт 2500 гаруй багш нар ажиллаж байгаа юм.