НЭЭЛТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ: Иргэд ажлын байртай болохоор дугаарлаж байна

2017-06-19 14:20   Уншсан тоо: 475

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд өнөөдөр /2017.06.19/ Сүхбаатарын талбайд нээлттэй ажиллаж байна. Өнөөдөр 12 цагт нээлтээ хийсэн нээлттэй өдөрлөгт нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээ нэг дор цугларч иргэдэд мэдээлэл өгч байна.

Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн харьяа байгууллагууд, судалгааны төвүүдээс гадна ажил олгогч аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд сонгож авах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Өнөөдрийн өдөрлөгийн үеэр хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэж байна. Тодруулбал, Номин холдинг, Таванбогд, МАК ХХК, MCS, Unitel групп зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд өнөөдрийн өдөрлөгт оролцож байна. Эдийн засаг сэргэхийн хэрээр компаниуд ажлын байранд иргэдийг авах нь өдөр бүр ихэсч байгаа юм. Өнөөдрийн өдөрлөгт Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шинээр ашиглалтанд орсон хуурай аргын 1 сая тн цемент жилд үйлдвэрлэх хүчин чадалтай МАК цемент үйлдвэр, Төв аймгийн Сэргэлэн суман дахь жилд 270,000 м3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай Хийт бетоны үйлдвэрт шинээр авах 100 гаруй нээлттэй ажлын байранд иргэдийг бүртгэж, ажлын байрны мэдээлэл, ээлжийн систем, үйлдвэрийн танилцуулгыг өгч ажиллаж байна.

Өнөөдрийн өдрийн байдлаар иргэд ажлын байранд бүртгүүлэх үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцож байна. Мөн Эрүүл мэнд нийгмийн даатгалтай холбоотой асуудлууд болох элэгний В, С вирусийн эмийн үнийн хөнгөлөлт болон бусад тушаал шийдвэрүүдийн талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байгаа юм. 

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв зохистой зарцуулах зорилгоор хэрэгжүүлж буй эмчилгээ оношилгооны үнийн чөлөөлөлт, эмийн үнийн хөнгөлөлт болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, төгсөгчид ур чадвараа үзүүлж, барилгын загвар үзүүлэн байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж байгаа бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр ч үзлэг явуулж, анхны тусламжийн үйлчилгээ сургалт зохион байгуулж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх бүрэн мэдээллийг Сүхбаатарын талбайд 19, 20-ны өдөр ирсэн иргэн бүр авах боломжтой. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг нь 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.