Нийгмийн даатгалын тухай хууль

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж

1. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

21 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/”даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;

2/“нийгмийн даатгалын байгууллага” гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг;

 3/”нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;

4/”нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг;

5/”нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг;

6/”тэтгэврийн төрлийг сонгох эрх” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсч байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг;

7/”шимтгэл төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;

8/“тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9/“тэтгэмж” гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг;

10/“төлбөр” гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний үнэ, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг;

11/“рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардал” гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагч сувиллын газар эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох төлбөрийг.

12/“хуримтлалын сан” гэж нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болон тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

 3 дугаар зүйл. Нийгмийн даатгал, түүний төрөл

1.Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн.

2.Нийгмийн даатгал дараахь төрлөөс бүрдэнэ:

1/ тэтгэврийн даатгал;

2/ тэтгэмжийн даатгал;

3/ эрүүл мэндийн даатгал;

4/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;

5/ ажилгүйдлийн даатгал.

4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ

1.Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгуулага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

3/хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч;

4/хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн.

/Энэ зүйлийн 2 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно. Сайн дураар даатгуулагч нь дээр дурдсан нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдана.

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 4./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 5. Хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 6.Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна. Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 7.Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан даатгалд төрөөс даатгуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 5 дугаар зүйл. Нийгмийн даатгалд даатгуулах гэрээ

 Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт хамрагдах даатгуулагч даатгагчтай энэ хуулийн болзол журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулсан тухайгаа гэрээ байгуулна.
 6 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх

1.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.

 2.Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

З. Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.

 7 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж сонгон авах

 Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 8 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох шийдвэр

 1. Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.

 2. Өргөдөл шийдвэрлэх хугацааг хуулиар тогтооно.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нийгмийн даатгалын сан

 9 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн төрөл

 Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараахь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна:

/Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 1/ тэтгэврийн даатгалын сан;

 2/ тэтгэмжийн даатгалын сан;

 3/ эрүүл мэндийн даатгалын сан;

 4/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан;

 5/ ажилгүйдлийн даатгалын сан.

 10 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр

 1. Нийгмийн даатгалын сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

 1/ даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;

 2/ ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;

 3/ сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 4/ нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги;

 5/ улсын төсвөөс олгох хөрөнгө;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6/ бусад эх үүсвэр.

 2./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 11 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн

 хөрөнгийн зарцуулалт

 1. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу дор дурдсан зориулалтаар зарцуулна:

 1/ тэтгэвэр, тэтгэмж олгох;

 2/ нийгмийн даатгалын байгууллага, үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 3/ хууль тогтоомжид заасан бусад төлбөр, зардлыг санхүүжүүлэх.

 2. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно.

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хассан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 3.Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах замаар нэмэгдүүлж болно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 4.Хуримтлалын сангаас Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг нийгмийн даатгалын сангийн жил бүрийн төсөвт тусгаж, Улсын Их Хурал батална.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 5.Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 12 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсвийг батлах

 1.Нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.

/Энэ хэсэгт 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 2.Нийгмийн даатгалын сангийн төсвийг Төсвийн тухай хуулийн 8.4-т заасан цаглабрын дагуу боловсруулж, батална. Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

/Энэ 2 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 3. Нийгмийн даатгалын тодорхой төрлийн санд улсын төсвөөс энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн үүргийн дагуу тэтгэвэр, тэтгэмжид олгох хөрөнгийг жил бүр Төсвийн тухай хуулиар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар батлагдсан хөрөнгийг сангийн яам сарын хуваарийн дагуу тухайн сарын эхний 1О хоногт багтаан зохих санд шилжүүлж байна.

/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 13 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах

 1.Сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангийн улирлын болон жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг Төсвийн тухай хуулийн 8.9.1-д заасан цаглабрын дагуу боловсруулж, тайлагнана.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 2.Аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангийн хагас жилийн болон жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг Төсвийн тухай хуулийн 8.9.2-т заасан цаглабрын дагуу, нийгмийн даатгалын төв байгууллага нь Төсвийн тухай хуулийн 8.9.5-д заасан цаглабрын дагуу тус тус боловсруулна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын сангийн хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, нийгмийн даатгалын сангийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор хянан хэлэлцэж, нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 4.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сан тус бүрийн орлогын зарцуулагдаагүй үлдэгдэл /зарлагаас давсан орлого/-ийг тухайн сан тус бүрийн нийгмийн даатгалын төв байгууллагын дансанд төвлөрүүлж байна. Тухайн сангийн орлогын зарцуулагдаагүй үлдэгдлийг дараа сард шилжүүлэн зарцуулах шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын төв байгууллагаас зөвшөөрөл авна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 5.Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 6.Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тайлан, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан аудитын дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, улсын төсвийн гүйцэтгэлийг баталснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн бүртгэл, тайлан

1. Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллага даатгалын бүх төрлийн санд төлсөн шимтгэлийн хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр тэдэнд олгосон нийгмийн даатгалын дэвтэр, гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.

2. Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх , тайлан гаргах журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нийгмийн даатгалын шимтгэл

 15 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ,төлөх хугацаа

1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

Нийгмийн даатгалын төрөл Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал 7.0 7.0
Тэтгэмжийн даатгал 1.0 0.8
Эрүүл мэндийн даатгал 2.0 2.0
Ажилгүйдлийн даатгал 0.2 0.2
Шимтгэлийн дүн 10.0 10.0

/Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэврийн даатгалд 10 хувиас, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд тус бүр 1,0 хувиас багагүй байна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Эрүүл мэндийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ, шимтгэлийн хэмжээ болон эрүүл мэндийн даатгалтай холбогдсон бусад харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарагдах даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлнө.

5.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 2.8 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 7.Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажилаж байгаа Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 16 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам

 1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 2. Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно.

 3.Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 4. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, мөн зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гүйцэтгэнэ.

 5. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын байгууллага болон аж ахуйн нэгж нь Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан хувь хэмжээ, журмын дагуу нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 6.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, хагас жил, жилээр гэрээний дагуу төлнө.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 7.Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр төлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

 9.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар тооцон улсын төсвөөс жил бүр нийгмийн даатгалын санд төлнө.

 /Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох орлогын хэмжээ, шимтгэл төлөх журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

 17 дугаар зүйл. Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг

 1. Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:

 1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;

 2/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх;

 3/ нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах;

 4/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага,албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

 2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар даатгагчтай байгуулсан гэрээнд заасан үүрэг хүлээнэ.

 18 дугаар зүйл. Шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоох

 1. Шимтгэл төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:

 1/ даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон;

 2/ ажил олгогч татан буугдсан, дампуурсан;

 3/ даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон;

 4/ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.

 2. Ажил олгогч нэгдэх,салах буюу бусад хэлбэрээр өөрчлөн байгуулагдвал шимтгэл төлөх үүрэг нь шинээр бий болсон этгээдэд шилжинэ.

 3. Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагч гомдол гаргах нь шимтгэл төлөх үүргийг зогсоох буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй. Гагцхүү уг гомдлыг хянаж байгаа тухайн шатны шүүхийн шийдвэрээр шимтгэл төлөхийг түдгэлзүүлэн зогсоож болно.

 4. Ажил олгогч дампуурсан буюу өөр үндэслэлээр татан буугдсан бол татан буулгах комисс буюу нэхэмжлэгчдийн зөвлөл нь төлөгдөөгүй шимтгэлийг уг ажил олгогчийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж нийгмийн даатгалын зохих санд оруулна.

 19 дүгээр зүйл. Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх талаар эдлэх эрх

 Ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх талаар дараахь эрх эдэлнэ:

 1/ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-ын шалгалтын акттай танилцах, шаардлагатай бол тайлбар хийх;

 2/ шимтгэл оногдуулалт, төлөлт, шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;

 3/ нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны буруугаар учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;

 4/ илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах;

 5/ нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах.

 20 дугаар зүйл. Хариуцлага

 1.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ:

 

 1/ ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;

 

 

/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

 

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

 

 2/ дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;

 

 

/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

 

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

 

 3/ тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойшхи хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах боловч алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтэрч болохгүй;

 

 

4/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн, даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, уг зөрчлийн улмаас даатгуулагчийн эрх ашгийг хохироосон албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

 

 

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

 

5/нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, ашигласан бол хууль бус олсон орлого, эд зүйлсийг хурааж, албан тушаалтныг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

 

 

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

 

6/даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн нөхцөлийг буруу тогтоосон албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

 

 

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

 

 7/ хууль тогтоомжид заасан бусад хариуцлага.

 

 

/Энэ заалтын дугаар 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

 

 

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 

 

 2. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

 

 

/Энэ хэсэгт 1995 оны 4 дү